2007-11-29
Зүүд бол ухамсарлагдаагүй дур хүсэл
Би зүүдэлсэн зүүдээ лав тоотой санадаг. Нэг үгээр мэддэг ч үгүй. Харин санасан зүүд маань биелээд байдаг тмл бий шүү :P Зүүдээ санадаг, тэгээд түүнийгээ тунгаан боддог хүмүүсийн хувьд дараах ярилцлага ихэд сонирхолтой байх болов уу гэж бодлоо. Зүүдээ санадаг бол өөрийнхөө тухай, дотоод ертөнцийнхөө тухайн бас нэгэн өнцгөөс харах юм шиг байна. ;)

”Увидаст сар” сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Д. Цогзолмаа

Зүүдийг хэрхэн тайлбарладаг юм бэ?
- Хүмүүс эрт үеэс зүүдний учрыг тайлбарлах оролдлого хийж ирсэн. Анхандаа зүүд бол бурхнаас ирж буй “илгээмж” гэж үзэж байсан. Мөн унтаж байх үед хүний сүнс биеэс гарч, тааралдсан зүйлс нь зүүд хэлбэрээр үнд тусгагддаг гэж байсан бол Аристотелийн үед зүүд бол сэтгэл санааны үйл ажиллагаа гэдэг нь тодорхой болсон байдаг. Философи, физиологи, сэтгэл судлалын шинжлэх ухаанд зүүдний шалтгааныг судлан янз бүрээр тайлбарлаж байгаа ч нэгдмэл, тодорхой дүгнэлтэнд хүрч чадаагүй байна. Зүүдний талаар:

1. Зүүд бол хүний шууд төсөөллөөс урган гарах ба ямар ч утга учиргүй дүр зураг. 2. Зүүдний агуулга бүхэн өөрийн гэсэн шалтгаантай, утга учиртай зүйл юм гэсэн эсрэг тэсрэг хоёр үзэл байдаг.

- Хүн яагаад зүүдэлдэг юм бол?
- Хүн зүүдлэхэд нөлөөлдөг дөрвөн үндсэн эх сурвалж бий гэдэг. Би тус бүрд нь тайлбарлахыг хичээе.

  • Нэгдүгээрт үнэр, дуу чимээ гэх мэт гадаад цочрол зүүдлэхэд нөлөөлдөг гэнэ. Унтаж байх үед сонсогдож буй дуу чимээ, тав тух, орчны нөлөө зүүдэнд ордог нь шинжлэх ухаанд тодорхой болсон зүйл юм. Жишээ авъя л даа. Нэгэн хөгжмийн зохиолч: “Хичээл дээрээ ямар нэгэн зүйлийн талаар тайлбарлаж байтал нэгэн сурагч чанга хашгираад байв. Чимээгүй байхыг сануултал дуугүй болсонгүй” гэж зүүдэлжээ. Гэтэл удалгүй “гал гарлаа” хэмээн гудамжинд хүмүүсийн орилох чимээнээр сэрсэн. Энэ нь бодит орчинд явагдаж буй дуу чимээ, үйл явдал, үнэр зэрэг нь зүүдэнд нөлөөлдөг гэдгийг илэрхийлж байгаа юм.
  • Хоёрдугаарт. Дотоод мэдрэмж буюу сэтгэл санааны байдал. Хүний сэтгэл санааны байдал, айдас, түгшүүр зэрэг нь зүүдний агуулгад нөлөөлдөг. Тухайлбал ямар нэгэн зүйл нь бүтэхгүй болчих вий гэсэн айдас тодорхой хэмжээгээр үргэлжилбэл юмнаас унаж байна, хийж гүйцэтгэх ёстой олон ажил давхцаад байхаар юманд хөөгдөж байна гэх зэргээр зүүдэлдэг.
  • Гуравдугаарт. Органик цочрол буюу бие организмд гарч буй өөрчлөлт. Шүд, ходоод өвдөх зэрэг бие организмын нөлөөгөөр, түүнтэй холбоотой үйл явдал хүнд зүүдлэгддэг. Ам их цангаж байгаа үед устай холбоотой эсвэл их хэцүү байдалд ороод түүнээсээ гарч чадахгүй байна гэж зүүдлэх нь олонтаа.
  • Дөрөвдүгээрт. Сэтгэл зүйн шалтгаан. Зүүдний агуулгад нөлөөлж буй сэтгэл зүйн шалтгааны талаар харьцангуй сүүлд сонирхож эхэлсэн байдаг. өөрөөр хэлбэл зүүд ба амьдрал ямар уялдаатай байх вэ, зүүд хүний бодол санааг, хүнд юу тохиолдохыг урьдчилан хэлэх үү, ямар учраас хар дарж зүүдэлдэг вэ, яагаад ийм зүүд зүүдлэх болов гэдгийг сэтгэл зүйн шалтгаантай холбон авч үздэг. Сонгодог психоанализын төлөөлөгчид үүнд нарийвчлан анализ хийснээр “Зүүдний агуулга хүний амьдралаас урган гардаг” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Зүүд ойлгомжгүй, бас нарийн холбоо уялдаагүй байдаг, тийм гэж томъёолоход төвөгтэй зүйл юм.


- Тэгвэл зүүднийхээ тайллыг өдөр тутмын амьдралд болж өнгөрсөн болон болж буй үйл явдлуудаас хайх хэрэгтэй гэж ойлгож болох нь ээ?
- Тэгж ойлгож болно оо. Психоанализын гол төлөөлөгч, ухамсаргүйн амьдралын талаар агуу их нээлт хийсэн Австрийн мэдрэлийн эмгэг судлаач З. Фрейд өөрийн зүүдэнд нарийвчлан анализ хийснээр олон сонирхолтой баримт үлдээсэн байдаг.
Зүүд бол тухайн хүний ухамсарлагдаагүй дур хүсэл гэж тэр үзсэн. Нэгэн удаа гэртээ байхад нь гадаа нэгэн эмэгтэй өөрийг нь хүлээгээд байна гэж тэр зүүдэлжээ. Сэрээд зүүднийхээ шалтгааныг олохоор анализ хийж эхэлсэн байна. Тэгээд хэд хоногийн өмнө хамаатныхаа нэгэн эмэгтэйтэй ярилцаж суусан ба тэр эмэгтэй цаашид яах бодолтой байгааг, өөрт нь яг юу хэрэгтэй байгааг ярихыг нь тэсэн ядан хүлээж байсантайгаа дээрх зүүдээ холбон тайлбарласан байдаг юм.

Мөн зүүд хүний өдөр тутмын амьдралтай холбоотой байх уу гэсэн асуултанд “Хүн биологийн амьтан учраас эрх чөлөөтэй, зүүд ч мөн биологийн шинж учраас зүүдний эрх чөлөө гэж бий. өөрөөр хэлбэл ямар үед зүүдлэх вэ гэдэг бол хүний ухамсраас үл хамаарна” гэсэн өвөрмөц тайлбарыг хийсэн. үүнээс гадна Германы эмч Вильгелм Флиссын “мөчлөгийн онол”-ыг үндэслэл болгон авч үзсэн байдаг юм. Эрэгтэй хүний 23, эмэгтэй хүний 28 хоног бол биологийн нэг мөчлөг гэдэг.
Жишээ: 1910 оны 10 сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Фрейд өөрийн 3 охинтойгоо цуг Италид байна гэж зүүдэлжээ. Бага охин нь “Би танд Саванаролийн зургийг бэлэглэсэн” гээд хэлж байх юм. Ингээд зүүднийхээ шалтгааныг бодож эхэлж л дээ. Гэтэл Фрейд 9-р сарын 4, 5-ны хавьцаа Флоренцид уг зургийг шимтэн харж байснаа санасан байна. Тэрээр 27+1 хоногийн дараа тэр хүсэл нь идэвхжсэн байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг юм.

- Бидэнд хандаж нэгэн эмэгтэй “нөхрөөсөө салаад олон жил болсон хэрнээ түүнтэй “секс” хийж байгаагаар зүүдлээд байна”. Учрыг нь тайлбарлаж өгөөч гэсэн юм…
- Ихэнх насанд хүрсэн хүмүүсийн хувьд зүүд нь сексийн далд дур хүсэлтэй холбоотой гэж үздэг. Гэвч далд ухамсар дахь дур хүсэл болгон зүүдээр илрээд байхгүй. Олон дахин давтагдсан, байнга хүсч мөрөөдөж явдаг, эсвэл ямар нэгэн сэжмээр тэр үйл явдалтай далд холбоотой асуудал үүссэн, эсвэл хүнд юу хийх ёстой талаар санаа, юу тохиолдох талаар дохиолон зүүдэлдэг.

- Таны бодлоор эмэгтэйн зүүдний шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?
- Сэтгэл зүйн талаас тайлбарлах нь зүйтэй болов уу. Гэхдээ тодруулах зүйлүүд байна. Нөхөртэйгээ ямар харьцаатай байсан, ялангуяа сексийн хувьд, салсны дараа ямар нэгэн холбоотой байсан уу, та түүнийг үгүйлдэг үү гэх мэтээр олон талаас нь авч үзэж байж шалтгаан нь тодорхой болох байх аа. Нөхрийхөө талаар тодорхой дүрслээгүйг бодоход магадгүй бичихээс зайлсхийх ямар нэгэн шалтгаан байгаа байх. Гэхдээ та түүнийг хүсдэг, эсвэл нөхрийгөө санагдуулахаар ямар нэгэн зүйлтэй байнга ойр байгаа, өөрийн хүслийг хязгаарласан /магадгүй сексийн байнгын харилцаагүй/, энэ асуудлаа хүнд ярихгүй удаан хадгалсан ч байж болох талтай. Хэрэв энэ эмэгтэй хүсвэл сэтгэл зүйчтэй уулзаж ярилцвал зүүднийхээ шалтгааныг тодруулж түүнээсээ ангижирч чадна гэж бодож байна.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax